Tuesday, December 6, 2011






Photos of 2010 Excavation in Khatuu, Tsengel sum, Bayan-Ulgii


Expedition camp at Ikh Khatuu Gol river valley




Expedition Team 2010

Expedition Camp at Syrgal steppe

Perfectly preserved wooden bowl at the moment of discovery

Batsukh documenting the excavation at Khatuu




Paper presented at 2011 Asia Archaeology, National Cultural Heritage Institute, Republic of Korea, 21th Oct. 2011, Seoul

МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА

СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН

Ц.Төрбат

(ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл ба Төмрийн түрүү үеийн

судалгааны секторын эрхлэгч, доктор, дэд профессор)

Төмөр зэвсгийн түрүү үе буюу скифийн үед Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан билээ. Заримдаа эдгээр соёлыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг. Оросын нутаг дэвсгэрт энэ үеийн олон археологийн соёлыг нээн судлаад байгаагаас Минусын хотгорт Тагарын соёл, Тувад Аржаны ба Уюкийн (мөн өөрөөр Саглыний соёл гэдэг) соёл, Алтайд Майэмирийн ба Пазырыкийн соёлыг өргөн хүрээтэй судалжээ.

Монголд энэ үед холбогдох Чандманий соёлыг 1970-аад оны үед нээн судласан юм [Волков, 1975; Цэвээндорж, 1980; Новгородова, 1989; Novgorodova, 1982]. Энэхүү соёл нь олон талаар Тувагийн Уюкийн соёлтой адил төстэй бөгөөд нэгэн соёлын хоёр хувилбар ч гэж үзэж болох юм. Чандмань-Уюкийн соёл хойшоо Тувагийн нутгаас урагшаа Монголын Увс аймгийн нутагт тархсан бололтой.

Хэрэв Хангайн нурууны баруун зах, Монгол Алтай ба Говийн Алтайн заагаас зүүн тийших нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн “Дөрвөлжин булшны соёл” оршин байсан гэж үзвэл Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт төмөр зэвсгийн түрүү үед ямар археологийн соёл байсан тухай асуудал гарч байв. Өөрөөр хэлбэл энэ том бүс нутаг төмөр зэвсгийн түрүү үед холбогдох тодорхой дурсгалгүй хоосон цагаан толбо болж байсан билээ.

2004 оноос Ц.Төрбат, П.Х.Жискар, Я.Цэрэндагва нар Баян-Өлгий аймгийн нутагт олон газарт Пазырыкийн дурсгалуудыг илрүүлсэн бол мөнхүү онд В.И.Молодин, Д.Цэвээндорж нар Улаанхус сумын нутагт цөөнгүй оршуулгын дурсгалыг илрүүлжээ. Ийнхүү Баян-Өлгий аймгийн нутагт Пазырыкийн соёлын дурсгалууд байгаа болохыг баттай нотлож, ингэснээрээ Монголын эртний түүхийг нэгэн хуудсаар баяжуулж, газрын зураг дахь нэгэн цагаан толбыг арилгаж чадсан юм. 2005-2007 онд Ц.Төрбатын удирдсан “Монгол Алтайн баруун хэсгийн түүх археологийн дурсгалууд” төслийн хүрээнд тус аймгийн нутаг дэвсгэрийг бүхэн хамарсан хайгуул хийх явцад болон Монгол-Европийн холбооны хамтарсан археологийн “Евразиат” төслийн хээрийн шинжилгээний хайгуулын үр дүнд 58 оршуулгын газарт 311 булш илрүүлэн олж бүртгэн баримтжуулсан байна. Үүний дээр Оросын академич В.И.Молодин нарын хайгуулаар 13 газарт 40 булш, Оросын судлаач А.В.Варенов нарын хайгуулаар баттай 3 газарт (хэдэн булш байгаа нь тодорхойгүй) пазырык булш байгааг илрүүлж тэмдэглэжээ. Нийтдээ одоогийн байдлаар тус аймгийн нутагт Пазырыкийн 83 оршуулгын газарт 418 булш байгааг илрүүлж бүртгээд байна.

Пазырыкийн соёлын судалгааны зарим үр дүн

Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд НТӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёл бий. “Пазырык” гэдэг үг нь Орос Алтайд байх нэгэн асар том булшны нэр юм. Уг булшийг 1929 онд С.И.Руденко нар малтаж судласан. Утга нь монголчилбол “булш” гэсэн үг бололтой. Монголын мончок-тува нар булш гэхийг “бажираг” гэж хэлдэг.

Уг соёлд холбогдох булш оршуулгыг бүр XIX зууны үеэс малтаж эхэлсэн байдаг. Гэвч жинхэнэ шинжлэх ухаанч зорилго чиглэлтэй бөгөөд өргөн хүрээтэй малтлагыг 1920-иод оноос С.И.Руденко, М.П.Грязнов нар эхлүүлсэн юм [Грязнов, 1950; Руденко, 1953; 1960; Кирюшин, Тишкин 1999]. Тэд Пазырыкийн үеийн язгууртны бунхнуудыг Пазырык, Башадар, Туэкта зэрэг газар малтаж их хэмжээний хэрэглэгдэхүүн цуглуулсан юм. Малтлагаас гарсан гайхалтай сайн хадгалагдсан бөгөөд урлагийн өндөр түвшинд үйлдсэн олон зуун эд өлгийн зүйлс эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж, улмаар энэхүү археологийн соёлыг бүх талаас нь гүнзгий сайн судлахад чухал нөлөө үзүүлжээ.

Пазырыкчууд бол хагас нүүдлийн мал аж ахуйг эрхэлдэг үндэстэн байжээ [Руденко, 1953: 101; Полосьмак, 2001: 20]. Тэдний аж ахуйд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй [Полосьмак, 1994:141-13]. Мөн өндөр хөгжсөн гар урлалтай байсныг булшнаас гардаг урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европоид төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголоид төрх давамгайлдаг байжээ [Руденко, 1960:338]. Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь “хаадын булш” ба жирийн иргэдийн булш хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг.

Пазырыкийн соёлын судалгаанд С.В.Киселев [1951], В.Д.Кубарев [1987; 1991; 1992], Л.С.Марсодолов [1996], А.С.Суразаков [1988], Н.В.Полосьмак [1994; 2001], В.И.Молодин [2000], Ю.Ф.Кирюшин, А.А.Тишкин [1999] нар чухал үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар 120 гаруй Пазырыкийн оршуулгын газарт 600 гаруй том жижиг булшийг малтан шинжлээд байгаа нь маш их хэрэглэгдэхүүн болох юм [Кирюшин, Тишкин, 1999: 74].

Пазырыкийн соёлын судалгааны олон асуудлууд шийдэгдээгүй байна. Юуны өмнө холбогдох он цаг, хөгжлийн үе шатуудыг тодорхойлох асуудал маргаантай хэвээр байх юм. Эрдэмтэд Пазырыкийн соёлын он цагийг НТӨ VII-V, VII-VI, VIII-VI, IX-VI, IX-VII зуун гэхчлэн янз бүрээр тогтоож байгаагаас [Кирюшин, Тишкин, 1999: 73] А.С.Суразаков нарын эрдэмтдийн дэвшүүлсэн санал [1988] олонхийн дэмжлэгийг аваад байна. Энэ нь: НТӨ VI-V зуунд холбогдох Пазырыкийн соёлын түрүү үе (башадар-туэктагийн үе), НТӨ V-IV зуунд холбогдох жинхэнэ Пазырыкийн үе, эцэст нь НТӨ III-II зууны эхэн үед холбогдох хожуу Пазырыкийн үе болно.

Пазырыкийн булшинд хүнээ баруун бөөрөөр нь хэвтүүлж толгойгоор нь зүүн зүг хандуулдаг билээ [Марсодолов, 1999:105]. Гэтэл зарим булшинд хүнээ зүүн бөөрөөр нь хэвтүүлж, толгойгоор нь баруун зүг хандуулдаг явдал тохиолддог байна [Полосьмак, 1994а:138]. Түүнчлэн жинхэнэ Пазырык булшинд хүнээ дүнзэн авсанд оршуулдаг бол зарим тохиолдолд чулуун авс ашиглах явдал байдаг. В.Д.Кубарев нарын эрдэмтэд Пазырыкийн соёл гэдэг нь олон аймгаас бүрэлдсэн холбоо мөн гэж үздэг нь [Кубарев, 1992:77; Кирюшин, Тишкин, 1999: 74; Шульга, 199:702] эргэлзээгүй хэрэг юм. Оршуулгын зан үйлийн дээрх ялгаатай шинжүүдийг чухам угсаатны хувьд олон хэв шинжтэй байснаар тайлбарлаж болмоор байна.

Энэ соёлын гарал үүсэл маргаантай хэвээр байна. МЭӨ IX-VII зуун буюу түрүү Скифийн үед Алтайд Пазырыкийн соёлоос өмнө майэмирийн гэж нэрлэгдсэн археологийн соёл байсан билээ. Энэ соёл Пазырыкийн соёлоос олон талаараа эрс ялгаатай [Суразаков, 1988; Кирюшин, Тишкин, 1997]. Ийм эрс өөрчлөлт гарсан шалтгааныг зарим эрдэмтэн шинэ үндэстэн нүүдэллэн ирсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Л.С.Марсодолов НТӨ 585 онд киммерчүүд Ойрхи дорнодоос мидии ба лидийчүүдэд хөөгдөж улмаар Алтайд нүүдэллэн ирсэн [Марсодолов, 1999:105] гэж байгаа бол П.И.Шульга Казахстаны, магадгүй Дорнод Туркестаны сакчуудаас гаралтай гэж үзсэн байна [1998: 709]. Мөн Пазырыкийн соёлыг үлдээгч ард түмэн бол хятад түүхэнд нэр нь гардаг юэчжи нар мөн хэмээн С.И.Руденко [1960:176], Д.Г.Савинов [1993: 132-133] нар үздэг байна. Алтайд Пазырыкийн эрин үе эхэлснээр энэ нутгийн ард түмний амьдралд олон өөрчлөлт гарсан юм. Үүнд, газар нутаг дорно болон умар зүгт тэлсэн, нийгмийн бүтэцэд эрс ялгаа гарсан, хүн ам өссөн, шашин шүтлэгт өөрчлөлт гарсан (хуучин тахилгын төвүүд хаягдаж буган чулуу босгохоо больсон г.м.) зэргийг дурдаж болно [Марсодолов, 1999:105].

1990 оны эхнээс Пазырыкийн дурсгалын судалгаа онцгой идэвхижиж зөвхөн эрдэмтдийн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байх болсон билээ. Үүнд Орос Алтайн зүүн өмнөд хэсэг буюу Монгол, Хятадын хилийн заагт Укокийн (монг. Үхэг) хөндийгөөс мөнх цэвдэг бүхий Пазырык булшнуудыг малтан илрүүлсэн явдал гол нөлөөг үзүүлжээ [Полосьмак, 1994; 2001; Молодин, 2000; Деревянко, Молодин, 2001]. Малтлагаас онцгой сайн хадгалалттай эрэгтэй, эмэгтэй хүний занданшуулсан шарил, олон тооны мод, арьс, эсгий, алт, хүрэл, төмөр эдлэлүүд гарсны зарим нь урлагийн дээд зэргийн бүтээлүүд байжээ. Мөн жирийн булшнаас огт гардаггүй задарч үгүй болсон байдаг органик эд зүйлс (мод, эвэр, арьс шир, ноос үс, даавуу торго г.м.) мөнх цэвдэгийн улмаас сайн хадгалагдан үлдсэн байжээ. Алтайн өндөр уулын бүсэд байх мөнх цэвдэгтэй эдгээр булш өдгөө нийт хүн төрөлхтний соёлын чухал өвд тооцогдож байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төд байнга байсаар байна. Одоогоос 2500 орчим жилийн өмнө холбогдох ийм хөлдүү булш дэлхий дээр зөвхөн ганц газарт – Алтайн ууланд байгаа нь зүй ёсоор энэ нутагт амьдрагч ард түмнүүдийн бахархал болох учиртай. Оросын Алтай төдийгүй Казахстан ба Хятадын нутагт ч Пазырыкийн дурсгалуудыг судлаж иржээ. Үүнд, Казахтаны Алтайд байх алдартай Берелийн булшийг дурдаж болно [Самашев, Жумабекова, Сунгутай, 1999:159-164]. Мөн Шинжааны Кэ’эрмуци хэмээх газарт Пазырыкийн хэв шинжтэй булшуудыг малтаад байна [Варенов, 1999:26-30].

Монгол Алтайд Пазырыкийн дурсгалуудыг судлахын ач холбогдол

Оросын археологчид Монгол Алтайд Пазырыкийн соёлын дурсгалуудыг илрүүлэн олж судлах явдал туйлын чухалтай болоод байгааг удаа дараа дурдаж байжээ [Кирюшин, Тишкин, 1999: 75]. Үнэхээр ч Орос, Монгол, Хятад, Казахстаны Алтайг хамарсан угсаа соёлын нэгдмэл бүс нутаг эрт үеэс оршин ирсэн нь магадтай зүйл юм. Пазырыкийн соёлын тархалт, он цаг, соёлын ба угсаатны онцлог бүхий бүлгүүдийн асуудал зэргийг судлахад Монголын хэрэглэгдэхүүн зайлшгүй дутагдаж ирлээ.

Дэлхий даяарыг хамарсан сүүлийн үеийн их дулаарлаас болж Алтайн мөнх цэвдэг бүхий булшнууд тун удахгүй бүрэн үгүй болно гэдгийг академич В.И.Молодины нар удаа дараа анхааруулан хэлж байгаа билээ [Молодин, Полосьмак, 1999: 141; Молодин, 2000: 197]. Ийм учраас Монгол Алтайд ч пазырыкийн үеийн дурсгалууд, түүний дотор мөнх цэвдэг бүхий булшнуудыг цаг алдалгүй илрүүлэн олж малтан судлах нь чухал болоод байна.

2004 оны зун Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Этнографийн хүрээлэн, Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Германы Археологийн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний анги академич В.И.Молодин, профессор Д.Цэвээндорж, Х.Парцингер нарын удирдлагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Ойгор гол ба түүний цутгалан Олон гүүрийн гол, Үнхэлцэг, Дунд Ойгор гол зэрэг газарт Пазырыкийн булшийг олж илрүүлэх хайгуулын ажил хийжээ. Тэд 16 газарт 45 булш илрүүлэн олжээ [Молодин, Цэвээндорж и др., 2004: 365-371]. 2005 оны зун тэд зарим нэг булшинд геофизикийн судалгаа хийж цаашид малтах булшаа тодруулсан байна. Малтлагын ажил 2006 оны зун явагдаж Олон нуурын гол буюу Цагаан салаа хэмээх газар ОНГ-Х оршуулгын газар гурван булш малтсан байна. Үүний нэг булш нь мөнх цэвдэгийн хөрсөн хадгалагдсан байсан тул булшны модон бунхан, түүний дотор хадгалагдсан эд өлгийн зүйлс мөн хүний шарил зэрэг нь онцгой сайн хадгалалттай байжээ. Үүнд, модон бунхан болон модон цар, зэвсэг багажийн модон иш бариул, модоор хийсэн гоёл чимэглэлийн зүйл, хүзүүвч, модон гөрөөсний баримал зэрэг бусад модон эд зүйлс, арьсан эдлэлүүд, арьсан дээл, өмд, эсгий болон арьс хослуулан хийсэн урт түрийтэй гутал, эврээр хийсэн хумх зэргийг онцлон дурдууштай.

Мөнхүү 2004 оны зун Санкт-Петербургийн Их Сургуулийн Цогцолбор Социологийн судалгааны хүрээлэнгийн Археологи, түүхэн социологи ба соёлын өвийн лаборатори, Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хамтарсан Төв Азийн олон улсын археологийн экспедицийнхэн Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутагт 3 газарт Пазырыкийн булш бүхий оршуулгын газрыг илрүүлжээ [Варенов, Ковалев, Эрдэнэбаатар, 2004: 211-216].

2004 оны 5-р сард Ц.Төрбат, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвтэй хамтран хэрэгжүүлсэн “Алтан толгойн түүх археологийн дурсгалууд” төслийн хүрээнд тус аймгийн Улаанхус сумын нутагт Цагаан салаан эх Увсайд анх Пазырыкийн үеийн булшийг нээн илрүүлсэн билээ [Төрбат, Бихумар, Золбаяр, Едилхан, 2004: 4]. Мөн оны намар 8-9-р сард Монгол-Францийн хамтарсан археологийн “Eurasiat” төслийн хээрийн шинжилгээний ангийн П.Х.Жискар, Ц.Төрбат, Я.Цэрэндагва нар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутагт 1000 орчим км аялан Пазырыкийн булшийг хайн илрүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Тэд дээрх хоёр сумын нутагт нийт 11 газарт 60 орчим Пазырыкийн булшийг илрүүлж газарзүйн байрлалыг нь GPS багажаар тогтоожээ [Төрбат, Цэрэндагва, 2004]. 2005 оноос Олон улсын “Евразиат” төвийн захирал, профессор П.Х.Жискар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан Монгол-Францын хамтарсан “Евразиат” археологийн экспедици Баян-Өлгий аймгийн нутагт Пазырыкийн соёлын оршуулгын дурсгалуудыг малтан судлаж эхэлжээ. Тэд 2005-2011 онд Цэнгэл сумын Бага Түргэний гол, Сыргаль, Харганатын гол, Хатуугын гол болон Сагсай сумын Цагаан асгад 30 гаруй булш малтаж олон арван маш сайн хадгалагдсан эд зүйлсийг илрүүлэн чухал үр дүнд хүрчээ. Тэдний судалгааны үр дүнд хэвлэгдэж гарсаар байна. [Төрбат нар, 2005; 2007; 2008; 2011].

Баян-Өлгий аймгийн нутаг дахь Пазырыкийн дурсгалууд

Тус аймагтай хил залгаа Орос, Хятад Казахстаны Алтайд Пазырыкийн булш оршуулга, тахилгын байгууламж, хадны зураг үлэмж ихээр тархаж, олон жилийн өмнөөс ихэд судлагджээ. Харин Монголд байх Пазырыкийн оршуулгын дурсгалууд нь Баян-Өлгий аймгийн баруун ба өмнөд хэсэгт Цэнгэл, Улаанхус, Алтай, Дэлүүн, Булган, Буянт, Сагсай сумдын нутагт олон цөөнөөр тархжээ. Тус аймгийн баруун хэсгийн хамгийн өндөр уулархаг нутагт эдгээр дурсгал олноороо тархсан байна. Харин аймгийн хойд, зүүн, зүүн хойд хэсэгт илэрч олдоогүй боловч 2008-2009 онд хил залгаа Ховд аймгийн нутагт хийсэн судалгаагаар цөөн боловч Пазырыкийн булш оршуулга илэрч байгаагаас үзэхэд тархалт нь зүүн урд зүгтээ Алтайн нуруугаа дагасан байдалтай байсан бололтой. Ховд аймгийн зүүн талд байх хил залгаа Говь-Алтай аймагт Пазырыкийн дурсгал байгаа эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлдөө Оросын ба Хятадын Алтайтай шууд хил залгаа 1900 м-ээс дээш өргөлттэй өндөр уулын хэсэгт Пазырыкийн соёлын дурсгалууд тархжээ.

Монголын Пазырыкийн соёлын нэг оршуулгын газарт дунджаар 5 булш байдаг байна. Хамгийн цөөндөө 1 булштай дурсгал байхад хамгийн олондоо 14 булштай (Цэнгэл сумын Бага Түргэний гол-VI дурсгал) оршуулгын газар ч тохиолдож байна. Мөн цувраа булштай оршуулгын газар хэд хэдээрээ ойролцоо байх тохиолдол бий. Үүнд 6 оршуулгын газар хоорондоо хэдэн зуун метрийн зайд байрласан Сагсай сумын Цагаан асгийн цогцолбор газрыг дурдах хэрэгтэй. Пазырыкийн булш хамгийн ихээр бөөгнөрсөн газрууд бол Улаанхус сумын Цагаан салаа/Бага ойгурын хөндий (10 оршуулгын газарт 35 булш), Цэнгэл сумын Хотон/Хурган нуурын сав газар (25 оршуулгын газарт 135 булш), Алтай сумын Сагсай голын хөндий (6 оршуулгын газарт 34 булштай), мөн сумын Чигэртэй голын хөндий (5 оршуулгын газарт 17 булш) зэрэг болно.

Ерөнхийдөө Баян-Өлгий аймгийн нутагт байх Пазырыкийн булшнууд Алтайн нуруунаас эх авсан том жижиг голууд, мөн зарим нуурын хөндийд эргээс дээш өргөгдсөн дэнжүүд дээр байрлана. Пазырыкийн уламжлал ёсоор нэгээс дээш булштай оршуулгын газарт заавал өмнөөс хойш чиглэсэн байдлаар цуварч байрладаг. Цуварсан булшнууд том, жижиг янз бүр хэмжээтэй боловч дунджаар 10 м голчтой байна. 15 м ба түүнээс дээш хэмжээтэй булш харьцангуй ховор тохиолдоно. Хотон-Хурган нуурын сав газарт Сыргаль-II оршуулгын газарт 18 м голчтой булш байх нь бидний үзэхээр Баян-Өлгий аймагт байх хамгийн том булш бололтой. Мөн үүний ойр байх Сыргаль-I оршуулгын газарт 17 м голчтой булш байсныг бид 2009 онд малтан судласан билээ.

Газрын нэр

Оршуулгын газрын дугаар

Малтсан булшны тоо

Малтсан он

Малтсан хүмүүс

1

Бага Түргэн гол

BTG-I

3

2005

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

2

Улаан даваа

UD-I

1

2006

V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger

3

Олон гүүрийн гол

OKG-I

1

2006

V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger

4

OKG-VII

1

2006

V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger

5

OKG-X

1

2006

V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger

6

Бага Түргэн гол

BTG-VI

6

2006

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

7

Цагаан асга

TSK-I

3

2007

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

8

TSK-III

1

2007

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

9

TSA-I

1

2007

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

10

Харганатын гол

KG-IV

2

2009

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

11

Сыргаль

SRG-I

2

2009

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

12

SRG-III

1

2009

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

13

Хатуугийн гол

KTG-I

2

2010

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

14

KTG-II

1

2010

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

15

KTG-III

5

2010

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

16

Цагаан асга

TSK-VI

2

2011

Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh

Пазырыкийн оршуулгын газар бол дан ганц булш төдийгүй тахилгын байгууламж, зэл чулуу зэргээс бүрддэг цогцолбор дурсгал юм. Цуварсан булшны дотор ихэвчлэн ганц, заримдаа түүнээс олон том булшны зүүн талд гонзгой чулууг газарт босгон суулгасан 3-4 “зэл чулуу” буюу “балбал” байдаг. Ийм зэл чулуутай булш тухайн оршуулгын газрын хамгийн том буюу өөрөөр хэлбэл хамгийн чухал булш нь байдаг ажээ. Жишээлбэл, Цэнгэл сумын Бага Түргэний гол-VI оршуулгын газрын хамгийн том булш нь 13 м голчтой 13-р булш байсан бөгөөд зөвхөн энэ булшны зүүн талд нэгэн зэл чулууг босгосон байжээ.

Мөн зарим булшны зүүн ба баруун талд тодорхой зайд хэсэг чулуугаар хийсэн дөрвөлжин болон дугуй хэлбэрийн овоолго байдаг. Эдгээр чулуун байгууламж булшаа даган цуварсан байдалтай тохиолддог. Ийм байгууламжуудыг 2006 онд BTG-VI оршуулгын газарт бид малтан судласан билээ. Эндээс малын ясны хэлтэрхийнүүд гардаг нь тахилгын шинжтэй дурсгал болохыг харуулдаг.

Баян-Өлгий аймгийн нутагт илрүүлэн олоод байгаа Пазырыкийн дурсгалаас одоогийн байдлаар 14 оршуулгын газарт нийт 34 булшийг малтан шинжлээд байна. Эдгээрээс В.И.Молодин, Д.Цэвээндорж, Х.Парцингер нар 2 оршуулгын газарт 4 булш малтсан бол Ц.Төрбат, П.-Х.Жискар, Д.Батсүх нар 12 оршуулгын газарт 31 булш малтжээ. Малтсан газар, дурсгалын нэр, малтсан булшны тоо, малтсан хүний нэр зэргийг он цагийн дарааллын дагуу дээрхи хүснэгтэд үзүүлэв.

Оршуулгын зан үйлийн онцлог

Бидний малтсан булшнууд гадаад хэлбэр, хэмжээ, байдлаараа үндсэндээ адил боловч оршуулгын дотоод байгууламжийн хувьд ялгаатай үндсэн 4 хэлбэрт хуваагдана. Эдгээр нь:

а) Дүнзэн бунхантай,

б) Ховдтой,

в) Хүнийхээ уртаас жижиг бунхантай,

г) Чулуун хайрцагтай зэрэг болно.

Эдгээр булшнуудын олонхид адуу дагалдуулсан байх боловч огт адуу үгүй булшнууд мөн Цагаан асга, Харгантын гол зэрэгт илэрсэн байна. Ерөнхийдөө хил залгаа бүс нутагт малтсан Пазырыкийн булшинд ийм адуугүй оршуулга цөөн боловч тохиолддог байна. Ялангуяа ийм адуугүй оршуулганд буй хүнийг заавал баруун зүг чиглүүлдэг уламжлал Уландрыкийн булшны дотор 13 %-ийг эзлэдэг [Кубарев 1987: 24] бол Юстыдийн булшны дотор 17 %-ийг эзлэдэг ажээ [Кубарев 1991: 35]. Орос Алтайд ийм адуугүй оршуулга уулсын бэлээр байрласан Юстыд-1, Джолин 1 ба 2 цувраа булшны бүрэлдэхүүнд багтаж байх бол Уландрык 1 ба 2 цуврааны тусгай бүлэг болж байрладаг байна. Ийм хэлбэрийн булшнууд гурваас дөрвөөрөө тусгай бүлэг болон цувраа булшны үндсэн хэсгээс тусдаа байрладаг. Энэ үндсэн дээр TSK-III ба TSK-VI цувраа булшийг цаашид бүрэн малтвал сонирхолтой юм. Ийм заншлыг нас барагчийн хөрөнгө чинээний байдалтай холбоотой гэхээс илүүтэйгээр оршуулгын зан үйлийн өвөрмөц тохиолдол гэж тайлбарлах явдал давамгайлдаг байна [Кубарев, Шульга 2007: 16]. Магадгүй Пазырыкийн соёлын бүрэлдэхүүнд багтаж байсан угсаа гарлын ялгаатай бүлэгтэй холбогдож болно.

Бидний малтсан булшны дотор адуу дагалдуулах заншил нь ч нэлээд өөр өөр байв. Тухайлбал BTG-VI оршуулгын газрын 10-р булшин дахь эмэгтэй, хүүхэд хоёрын оршуулганд зөвхөн нэг адуу тавьжээ. Гэтэл үүнтэй зэргэлдээ байх 11-р булшинд байх хоёр эрэгтэйд хоёр адуу дагалдуулсан, мөн 2005 онд бидний малтсан BTG-I оршуулгын газрын 8-р булшинд байсан 2 насанд хүрэгч болон 1 хүүхдэд тус бүрт нь адуу дагалдуулсан байв [Төрбат, Жискар, Батсүх, 2005а, 2005б]. Хамгийн олон адуу дагалдуулсан булш бол SRG-I оршуулгын газрын 1-р булшинд байх хоёр хүнд 5 адуу дагалдуулсан тохиолдол болно.

1. Дүнзэн бунхан бол Пазырыкийн соёлын оршуулгын дурсгалын үндсэн элемент мөн юм. BTG-VI оршуулгын газрын 10-р булшинд дүнзэн бунхан дотор насанд хүрсэн эмэгтэй хүн, хүүхэд хоёрыг хамт оршуулсан, мөн 11-р булшинд хоёр насанд хүрсэн хүнийг зэрэгцүүлэн оршуулсан байв. Булшинд байх хос оршуулгыг нэгэн цаг үед үйлдсэн гэдэг нь олон талаар эргэлзээгүй батлагддаг байна [Кубарев, 1987, с. 26-27]. Ийм хос оршуулга Пазырыкийн булшинд нэлээд түгээмэл тохиолддог юм. Тэгэхдээ цувраа булшны хамгийн өмнөд талд нь байдаг зүй тогтол Орос Алтайд малтсан Пазырыкийн жирийн иргэдийн оршуулгын газруудад хийсэн судалгаанаас ажиглагджээ [Кубарев, 1991, с. 38]. Хос оршуулга бүхий 10-р булш мөн ийнхүү цувраа булшны хамгийн өмнөд талд байсан билээ. Насанд хүрэгчдийн хос оршуулганд хүн тус бүрийг үндсэндээ ижил эд өлгийн зүйлс, мөн тус бүрд нь нэг морь дагалдуулсан байдаг байна. Энэ нь аль нэг нь нөгөөгөө дагалдсан “хойлгын хүн” биш, харин ижил зэрэг зиндаатай хүмүүс байсан болов уу гэсэн санааг төрүүлдэг.

Дүнзэн бунхантай булшнуудын дотор KG-IV оршуулгын газрын 1-р булш хамгийн сонирхолтой нь юм. Энэ булш тоногдсон шинжгүй байгаа нь чухал ач холбогдолтой дүгнэлт хийх бололцоо олгож байна. Энэ булшинд нэгэн дүнзэн бунхан дотор 7 хүний оршуулгын үлдэгдэл илэрсэн юм. Энд хөлийг нь ихэд атийлган толгойгоор нь баруун урд-баруун зүгт чиглүүлэн зэрэгцүүлэн хэвтүүлсэн 3 насанд хүрэгч, 2 хүүхдийн оршуулгаас гадна эдгээрийн хөл талд нүүрээр нь урд зүгт чиглүүлэн тавьсан гавал бүхий нэг цээжин бие, үүний урд талд нүүрээр нь баруун хойш зүгт чиглүүлэн тавьсан бас нэг гавлын яс илэрсэн байна. Энэ бол зан үйлийн хувьд Пазырыкийн жирийн иргэдийн булшны дотор туйлын ховор тохиолддог өвөрмөц үзэгдэл болно. Харин хөрш зэргэлдээх Чандманийн булшинд элбэг тохиолддог төдийгүй оршуулгынх нь нэгэн бие даасан төрөл бол дүнзэн бунханд үхэгсдийг олноор оршуулсан шороон булшнууд байдаг ажээ. Д.Цэвээндоржийн тооцоолсноор ийм дүнзэн бунхантай булш Чандманий оршуулгын газарт малтсан 47 булшнаас 22 байсан байна [Цэвээндорж 2007: 30]. Харганатын дээрх булш ба Чандманий шороон булшнуудын хооронд ижил төстэй талууд багагүй ажиглагдаж байна. Үүнд, хүнийхээ хөлийг ихэд атийлгаж, аль нэг бөөрөөр нь хэвтүүлсэн тавилт, толгойгоор нь баруун зүгийг гол болгон чиглүүлсэн чиглэл, дүнз модоор том бунхан барьсан архитектурын шийдэл, бунханы шалыг хавтгай чулуугаар шалласан онцлог, адуу дагалдуулаагүй шинж зэргийг дурдаж болно. Гэвч зарим ялгаа байгааг бас дурдах хэрэгтэй. Ялангуяа, Харганатын булшны өнгөн хөрсөн дээрх байгууламжийг голын бөөрөнхий чулуугаар илт мэдэгдэм барьж байгуулсан бол Чандманий дүнзэн бунхант булшнуудыг зөвхөн шороогоор дарж өнгөн хөрсөн дээр үл мэдэгдэм болгосон байна. Өөр нэгэн чухал онцлог бол Чандманий булшинд зэрэгцүүлэн оршуулсан олон хүнийг ихэвчлэн нэг эгнээнд ижил зиндаанд оршуулсан байдаг төдийгүй эдгээр хүмүүсийн яс бүтэн бөгөөд зохих хүндэтгэлтэйгээр эд өлгийн зүйлс дагалдуулан тавьсан байдаг ажээ. Гэтэл KG-IV дурсгалын 1-р булшинд оршуулсан хүмүүсийн яснаас харахад илэрхий ялгаа гаргаж тавьсан байдаг. Үндсэн эгнээнд хүүхэд болон насанд хүрэгч 5 хүнийг ижил зиндаанд оршуулсан бол эдгээрийн хөлд хагас дутуу болж зэрэмдэглэгдсэн 2 хүний ясны үлдэгдлийг тавьсан байжээ. Эндээс бид хойлоглосон “боол” нар байж болох юм гэсэн таамаглал хийхэд хүрч байна. Оросын археологчид ч Пазырыкийн зарим булшинд “боол” хойлоглон оршуулсан байж болох талаар дурдаж байсныг энд тэмдэглэн хэлье [Кубарев 1991: 34, 39, 134]. Бидний малтан судласан Цагаан асгын 2-р булшинд мөн 9 настай боловч 16 настай хүүхдийн хэрийн биеийн хөгжилтэй нэгэн хүүхдийн яс гарсныг “боол” байж болох талаар таамаглал дэвшүүлж байсан билээ [Төрбат нар 2008]. Энэ чиглэлд судалгаа цаашид үргэлжлэх нь эргэлзээгүй бөгөөд гүнзгийрүүлэн судлахдаа нэгэн цаг үеийн бусад археологийн соёлуудтай харьцуулах төдийгүй Пазырыкийн соёлын нийгмийн бүтэц, зохион байгуулалт, давхраажлын нарийвчилсан судалгаатай хавсран хийх нь үр дүнтэй болох юм.

2. Дүнзэн ховд харьцангуй ховор тохиолддог бөгөөд зөвхөн хүүхдийн оршуулгад хэрэглэсэн байдаг билээ. Тухайлбал, Орос Алтайн Уландрыкийн оршуулгын газарт 3 хүүхдийг ховдонд оршуулсан байсан [Кубарев, 1987, с. 21], Юстыдийн оршуулгын газарт мөн зөвхөн хүүхдүүдийг ховдонд оршуулсан байсан [Кубарев, 1991, с. 31] бол Ак-Кообы-2 оршуулгын газрын 1-р булшинд 2-4 насны хүүхэд оршуулсан [Кубарев, Шульга, 2007, с. 246, Рис. 51, 2] байжээ. Гэтэл BTG-VI оршуулгын газрын 12-р булш, KTG-I оршуулгын газрын 1-р булшинд насанд хүрсэн хүнийг ховдонд оршуулснаараа ихэд онцлогтой байна.

3. Пазырыкийн булшинд хүнээ оршуулахдаа аль нэг талаар нь хажуулдуулан хэвтүүлээд, хөлийг нь их бага хэмжээгээр атийлгадаг билээ. Гэвч BTG-VI оршуулгын газрын 13-р булшинд байх 173 см урттай хүнийг 140 см урттай (дотор талдаа) бунханд маш их атийлган хэтэрхий жижиг дүнзэн бунханд оршуулсан байх нь сонирхол татлаа. Үүнийг тодорхой нэгэн зан үйлийн учир шалтгаанаар тайлбарлах нь зүйтэй болов уу. Тэгэхдээ энэ булшинд оршуулагдсан хүн тулаан тэмцлийн үед үрэгдсэн болохыг анхааралдаа авч үзэх хэрэгтэй.

4. Чулуун хайрцагтай KG-IV оршуулгын газарт малтсан 2-р булш оршуулгын зан үйлийн хувьд мөн нэлээд сонирхолтой юм. Дөрвөн ширхэг хавтгай чулууг хавиргалан босгож чулуун авсны ханыг хийгээд дээрээс нь хавтгай чулуугаар таглахын зэрэгцээ, доор нь хавтгай чулуунуудыг өрж шалласан энэ булш Пазырыкийн соёлын хүрээнд нэлээд ховорт тооцогдоно. Үнэхээр ч В.Д. Кубаревын тэмдэглэн хэлсэнчлэн ийм чулуун австай булшинд дагалдуулсан оршуулгын эд зүйлс хэдийгээр Пазырыкийн хэлбэртэй боловч соёлын хувьд хэв шинжит биш [Кубарев 1991: 34] төдийгүй өөр угсаатанд хамаарах [Кубарев 1987: 23] боломжтой юм. В.Д.Кубаревын Орос Алтайд малтсан булшнуудын дотор ийм хэлбэрийн оршуулгын байгууламж ердөө 19 удаа тэмдэглэгджээ. Тухайлбал, Уландрык-I дурсгалын 5-р булш [Кубарев 1987: 23, Рис. 10], Юстыд-III дурсгалын 10-р булш, Юстыд-XII дурсгалын 9, 17-р булш, Юстыд-XIII дурсгалын 5-р булш [Кубарев 1991: 32, 133-134], Барбургазы-I дурсгалын 4, 9, 12-р булш [Кубарев 1992: 124-126].

Хэдийгээр оршуулгын байгууламжийн хэлбэрүүдийн гарал үүсэл, харилцан хамаарал нарийн түвэгтэй асуудал болохын хувьд ихээхэн хэмжээний баримт хэрэглэгдэхүүн шаардагддаг боловч ерөнхийдөө ийм чулуун авсат булшнууд дорно зүгээс (Монгол, Тагна-Тува) гаралтай бөгөөд Пазырыкийн соёлд хожуу нэвтрэн орсон гэдэг зарим археологчдын дэвшүүлсэн санал [Кубарев 1991: 34] нэлээд үндэслэлтэй юм. Асуудлын нарийн түвэгтэй, маргаантай болохыг харуулах нэгэн жишээ бол чулуун авсат булшнуудыг Пазырыкийн соёлын хүрээнд багтаж байсан бүлэг юм уу эсвэл бие даасан археологийн соёл болох Каракобиний соёлд хамаарна гэсэн таамаглалууд цөөнгүй археологчдын зүгээс гардгийг энд дурдая. Мөн зарим нь чулуун авсат булш хэдийгээр цөөн тохиолддог боловч Алтайн Пазырыкийн булшны дотор хэв шинжит нэгэн төрөл нь мөн гэж үздэг явдал ч бий [Кирюшин и др. 2003: 61].

Оросын археологчид Орос Алтайн зүүн урд хэсэгт байх Юстыд голоор Алтайн Пазырык ба Тагна-Саяны-Умард Монголын Чандмань-Уюк (Саглын)-ийн соёлын хил хязгаар өнгөрч байсан гэж таамагладаг [Кубарев 1991: 134]. Бидний малтан судласан Харганат-IV оршуулгын газрын хэрэглэгдэхүүнд үндэслэн энэ хил хязгаарын өмнөд үргэлжлэл нь Харганатын голоор явж байна гэж таамаглах бололцоотой юм.

Палеоантропологи ба палеопатологийн судалгааны зарим үр дүн

Бидний судалгааны үр дүнд Монголын Пазырыкийн соёлын оршин суугчдын талаар зарим мэдээлэл бий болгох боломж бүрдсэн юм. Жишээлбэл, BTG-VI оршуулгын газрын эртний оршин суугчид өндөр биетэй, булчинлаг, бахим чийрэг биетэй хүмүүс байжээ [Jordana, 2007, p. 23]. Гавлын яс болон шүдний морфологиос үзэхэд Азийн хүн амтай антропологийн төрхийн хувьд илүү ойр байжээ [Jordana, 2007, p. 24]. Зөвхөн 11-р булшны 2-р хүн цэвэр европжуу шинжийг илэрхий агуулсан байжээ. Палеогенетикийн судалгаа хийгдсэний дараа тэдний антропологийн хамаарлын талаар илүү үндэслэлтэй ярих бололцоотой юм. Ер нь Пазырыкийн булшнаас гарсан хүмүүсийн антропологийн хэв шинж олон төрөл байгаа нь урьд өмнөх судалгаануудад ч дурдагдаж байжээ [Руденко, 1953, с. 67]. Үүнийг овгийн байгууллын үеийн экзогам харилцаатай холбон тайлбарлах явдал бий [Мөн тэнд, с. 69].

BTG-VI оршуулгын газрын хүмүүс нэлээд өндөр том биетэй байжээ. Эрэгтэйчүүд дунджаар 172±2.99 см өндөртэй байсан бол 10-р булшнаас гарсан ганц эмэгтэй 164±3.66 буюу дундаас дээш өндөртэй байжээ. Пазырыкийн оршин суугчид ерөнхийдөө ийм өндөр биетэй хүмүүс байсан нь бусад газрын хэрэглэгдэхүүнээс мөн харагдаж байна. Тухайлбал, Пазырыкийн 2-р булшнаас гарсан хүн 176 см, 3-р булшнаас гарсан хүн 181 см, 4-р булшнаас гарсан хүн 174 см, Шибэгийн булшнаас гарсан настай хүн 178 см, харин энэ хавийн жирийн иргэдийн булшнаас гарсан эрэгтэй хүмүүсийн дундаж өндөр 164 см байжээ. Мөн Туектагийн булшнаас гарсан хоёр эмэгтэй хүн 149 ба 164 см, Пазырыкийн 2-р булшнаас гарсан эрэгтэй 154 см, Катандийн булшнаас гарсан эмэгтэй 151 см тус тус өндөртэй байжээ [Руденко, 1953, с. 67].

Араг ясанд илэрсэн олон тооны патологийн шинжүүдээс үзэхэд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, хэт их ачаалал өгдөг байсан нь илэрхий ажиглагдаж байна [Jordana, 2007, p. 25]. Зарим ясны морфологиос харахад газар тариалангийн бус харин ан агнуур, мал аж ахуй эрхэлдэг популяцид илэрдэг шинжүүд байгаа нь Пазырыкийн оршин суугчдын хувьд ойлгомжтой хэвийн зүйл юм. Мөн палеопатологийн зарим шинжүүд, үүнд, дегенератив ба бичил гэмтэл зэрэг үүнийг давхар батлаж байна [Jordana, 2007, p. 25]. Мөн ам шүдний патологи ихэвчлэн мах, бага зэргийн ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг байсныг харуулж байна. Энэ эртний хүн ам өндөр нуруутай байгаа нь амьтны гаралтай протеин тэдний хүнсэнд зонхилж байсныг харуулах бөгөөд шүдний паалан муутай байх нь ургамлаас гаралтай витамины дутагдалтай байсныг гэрчилж байнаа ажээ. Чухам махан хүнс голлож байсны өөр нэгэн шинж бол шүдний кариес эдгээр хүмүүст огт үгүй байгаа явдал юм.

Ихэнх хүмүүст ажиглагдсан биеийн олон хэсэгт байх гэмтэл хугарлууд тэднийг хүнд хүчир, аюул осолтой амьдралтай байсныг харуулж байна. Мөн гурван араг ясанд илэрхий хүч хэрэглэсний ул мөрийг ажигласан билээ. Өөрөөр хэлбэл дээрх гурван хүн аллагын золиос юм уу дайны хохирогч болсон нь эргэлзээгүй.

Өөр нэгэн онцлууштай зүйл бол BTG-VI оршуулгын газрын 13-р булшны хүнд илэрсэн хуйхыг хуулах буюу “тоног авах” заншил юм. Мөн үед холбогдох зарим булшнаас ийм “тоног” авсан ул мөр ажиглагдаж байсныг дурдвал, Тувагийн нутаг дахь Аймарлыгийн булш [Murphy et al., 2002; Jordana, 2007, p. 25-26], Пазырыкийн 2-р булш зэрэг болно [Руденко, 1948, с. 54; Руденко, 1953, с. 264]. Тухайлбал, Пазырыкийн 2-р булшны хүний хуйхыг авахдаа духны хэсгийн арьсыг нэг чихнээс нөгөө чих рүү нь эсгэж хөндийрүүлээд ар тийш шилэн хүзүү хүртэл нь татаж хуулсан байх бөгөөд нүүрний арьсыг хэвээр үлдээсэн байжээ [Руденко, 1953, с. 264]. Хар тэнгис, Умард Кавказын скифчүүдийн дунд ийм заншил байсныг Геродот НТӨ V зуунд тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний бичсэнээр бол “скифчүүд алагдсан дайсны толгойн эргэн тойрон чихний орчим зүсэлт хийгээд гараараа дугтарч хуйхыг салгадаг. Үүний дараа хуйхны мах өөхийг үхрийн хавиргаар хусаж аваад гараараа боловсруулан зөөлрүүлж, алчуур болгох бөгөөд өөрийн унадаг морийн хазаараас зүүж бахархан явдаг байжээ” [Руденко, 1953, с. 264]. Энэ зан үйлийн агуулга нь эр зоригийг илэрхийлдэг бөгөөд дайсан, түүний сүнсийг авах, өөртөө үйлчлүүлэх зэргээр тодорхойлогдох бөгөөд шашин-дом шившлэгийн учир холбогдолтой юм. Ерөнхийдөө BTG-VI оршуулгын газарт малтсан 6 булшны гуравт нь оршуулсан хүн дайн тулалдаан, зэвсэгт мөргөлдөөний үед үрэгдсэн байхыг харвал эндэхийн оршин суугчдын амьдралыг дайн тулаангүйгээр төсөөлөх аргагүй ажээ.

Товч дүгнэлт

Монголд малтан судласан Пазырык булшнууд ерөнхийдөө хил залгаа Орос Алтайн булшнуудаас онцын ялгаагүй боловч оршуулгын зан үйлийн хувьд дээрх цөөн онцлог бий болох нь харагдав. Гэвч эдгээр нь өвөрмөц нэгэн тохиолдол байв уу? эсвэл зүй тогтолт үзэгдэл үү гэдэг нь хойшид хийх өргөн хүрээтэй малтлага, нарийвчилсан анализаас тогтоогдох болно.

НОМ ЗҮЙ

Варенов 1999

А.В.Варенов. Скифские материалы из Китайской части Алтая. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Варенов и др. 2004

А.В.Варенов, А.А.Ковалев, Д.Эрдэнэбаатар. Разведка пазырыкских курганов в северо-западной Монголии. – Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территории. Том. IX. Новосибирск, 2004.

Волков 1975

В.В.Волков. Улангомский могильник. – Археология и этнография Монголии. Новосибирск, 1975.

Грязнов 1950

М.П.Грязнов. Первый Пазырыкский курган. Л.,1950.

Деревянко, Молодин и др. 2001

А.П.Деревянко, В.И.Молодин и др. Феномен Алтайских мумии. Новосибирск, 2001.

Кирюшин, Тишкин 1997

Ю.Ф.Кирюшин, А.А.Тишкин. Скифская эпохи Горного Алтая. Ч. 1. Культура населения в раннескифское время. Барнаул, 1997.

Кирюшин, Тишкин 1999

Ю.Ф.Кирюшин, А.А.Тишкин. Основные этапы изучения скифской эпохи Горного Алтая. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Кирюшин и др. 2003

Ю.Ф.Кирюшин, Н.Ф.Степанова, А.А.Тишкин. Скифская эпоха Горного Алтая. Часть II. Погребально-поминальные комплексы Пазырыкской культуры. Барнаул, 2003.

Киселев 1951

С.В.Киселев. Древняя история Южной Сибири. М.,1951.

Кубарев, 1987

Кубарев В.Д. Курганы Уландрыка. Новосибирск, 1987.

Кубарев, 1991

Кубарев В.Д. Курганы Юстыда. Новосибирск, 1991.

Кубарев 1992

В.Д.Кубарев. Курганы Сайлюгема. Новосибирск, 1992.

Кубарев, Шульга, 2007

Кубарев В.Д., Шульга П.И. Пазырыкская культура (курганы Чуи и Урсула). Барнаул, 2007.

Марсодолов 1996

Л.С.Марсодолов. История и итоги изучения археологических памятников Алтая (от истоков до начала 80-х годов ХХ века). СПб.,1996.

Марсодолов 1999

Л.С.Марсодолов. Пазырыкский феноме и попытки его объяснения. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Молодин 2000

В.И.Молодин. Древности плоскогорья Укок: тайны, сенсаций, открытия. Новосибирск, 2000.

Молодин, Полосьмак 1999

В.И.Молодин, Н.В.Полосьмак. Пазырыкская культура на плоскогорье Укок – первые итоги и перспективы научных исследований. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Молодин и др. 2004

Молодин В.И., Цэвээндорж Д., Мыльников В.П., Слюсаренко И.Ю., Гаркуша Ю.Н., Шнеевайс Й., Байарсайхан М., Овчаренко А.П. В поисках пазырыкских комплексов в северо-Западе Монголии. – Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территории. Том. IX. Новосибирск, 2004.

Молодин и др. 2006

Молодин В.И., Парцингер Г., Цэвээндорж Д., Мыльников В.П., Наглер А., Баярсайхан М., Байтилеу Д., Гаркуша Ю.Н., Гришин А.Е., Дураков И.А., Марченко Ж.В., Мороз М.В., Овчаренко А.П., Пиеционка Х., Пилипенко А.С., Слагода Е.А., Слюсаренко И.Ю., Субботина А.Л., Чистякова А.Н. Шатов А.Г. Мультидисциплинарные исследования Российско-Германско-Монгольской экспедиции в Монгольском Алтае. – Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территории. Том XII. Часть I. Новосибирск, 2006.

Молодин, Парцингер, Цэвээндорж 2007

Молодин В.И., Парцингер Г., Цэвээндорж Д. Отчет о работе Российско-Германско-Монгольской экспедиции в Баян-Улгийском аймаке в 2006 году. Новосибирск—Берлин--Улан-Батор, 2007.

Новгородова 1989

Э.А.Новгородова. Древняя культура Монголии. М.,1989.

Полосьмак 1994а

Н.В.Полосьмак. Пазырыкская культура. – Древние культуры Бертекской долины (Горный Алтай. Плоскогорье Укок). Новосибирск, 1994а.

Полосьмак 1994b

Н.В.Полосьмак. “Стрегущие золото грифы” (ак-алахинские курганы). Новосибирск,1994.

Полосьмак 2001

Н.В.Полосьмак. Всадники Укока. Новосибирск, 2001.

Руденко 1948

Руденко С.И. Второй Пазырыкский курган. Ленинград, 1948.

Руденко 1953

С.И.Руденко. Культура населения Горного Алтая в скифское время. М.-Л.,1953.

Руденко 1960

С.И.Руденко. Культура населения Центрального Алтая в скифское время. М.-Л.,1960.

Төрбат нар 2004

Ц.Төрбат, К.Бихумар, Г.Золбаяр, Х.Едилхан. “Алтан толгойн түүх археологийн дурсгалууд” төслийн тайлан. Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвийн архив. БӨ-УБ.,2004.

Төрбат нар 2005

Төрбат Ц., Жискар П.-Х., Батсүх Д. Монгол Алтайд Пазырыкийн булшийг анх удаа малтан судласан тухай. – Археологийн судлал. Боть III(XXIII), Дэвтэр 3, УБ.,2005, т.32-53.

Төрбат нар 2007

Ц. Төрбат, Д. Батсүх, Т. Батбаяр, Н.Баярхүү, Х.Жордана, П.-Х.Жискар. Бага Түргэний гол-VI Пазырыкийн үеийн цогцолборын археологи, палеоантропологийн судалгаа (урьдчилсан үр дүн). – Археологийн судлал. Боть IV(XXIV). Дэвтэр 14, УБ.,2007, т. 188-215.

Төрбат нар 2008

Ц. Төрбат, П.Х. Жискар, Д. Батсүх, Т. Батбаяр, Х. Жордана. Цагаан Асгийн Пазырыкийн үеийн булшны судалгааны урьдчилсан үр дүн. – Археологийн судлал. Боть V(XXV), Дэвтэр 7, УБ., 2008, т. 113-132.

Төрбат нар 2011

Ц. Төрбат, П.Х. Жискар, Д. Батсүх, Т. Батбаяр, Х. Жордана. Харганатын гол ба Сыргалийн талын Пазырыкийн үеийн булшнууд. – Археологийн судлал. Боть XXX, Дэвтэр 7, УБ., 2011, т. 107-138.

Савинов 1993

Д.Г.Савинов. К изучению этнополитической истории народов Южной Сибири в скифскую эпоху. – Проблемы археологии и этнографии. Вып. 4: Историческая этнография. СПб.,1993.

Самашев, Жумабекова, Сунгатай 1999

З.С.Самашев, Г.С.Жумабекова, С.Сунгатай. Новые исследования на могильнике Берель в Восточном Казахстане. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Суразаков 1988

А.С.Суразаков. Горный Алтай и его северные предгорья в эпоху раннего железа. Проблемы хронологии и культурного разграничения. Горно-Алтайск, 1988.

Цэвээндорж 2007

Д.Цэвээндорж. Чандманий соёл (нэмэн засварласан хоёр дахь хэвлэл). УБ., 2007.

Цэвээндорж нар 2007

Д. Цэвээндорж, В.И. Молодин, Г. Парцингер, М. Баярсайхан, Г. Лхүндэв. Монгол Алтайн мөнх цэвдгийн булшны судалгаа (урьдчилсан үр дүнгээс). – Археологийн судлал. Боть IV(XXIV). Дэвтэр 13, УБ., т. 167-187.

Шульга 1998

П.И.Шульга. О происхождении и раннем этапе развития пазырыкской культуры. – Сибирь в панораме тысячелетий. Материалы Международной Конференции. Том 1. Новосибирск, 1998. Jordana 2007

Jordana X. Anthropological analysis of the burial mounds from necropolois BTG-6 (Altai Mountains, Mongolia). - Research Group of Osteobiography. Unidad d’Anthropologia Biologica. Universitat Autonoma de Barcelona. 2007.

Murphy et al. 2002

Murphy E., Gokhman I., Chistov Y. and Barkova L. Prehistoric Old World scalping: New cases from the cemetery of Aimarlyg, South Siberia. – American Journal of Archaeology. 106: 1-10.

Novgorodova 1982

E.A.Novgorodova. Ulangom: ein skythenzeitliches Graberfeld in Mongolei. Wiesbaden: Otto Harrasowitz, 1982.